“Төсөлд суурилсан суралцахуй” оюутны хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

Сувилахуйн сургуульд 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөрийн энэ жилийн онцлог нь тэнхим бүр хөтөлбөрт хамрагдахыг хүсч, бүртгүүлсэн оюутнуудыг хуваарилах байдлаар 7 багийг бүрдүүлэн, төсөл хэрэгжүүлж хамтран ажиллалаа.
Уг төслүүд нь мэргэжлийн онцлогийг таниулсан, үйлчилгээний ажилтны хөдөлмөрийг үнэлсэн, эрүүл мэндийн боловсрол олгосон, эмнэлгийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зорьсон, гамшгаас урьдчилан сэргийлэх, ухаалаг утсыг зүй зохистой ашиглах, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх зэрэг нийгмийн олон талын асуудлыг хөндсөн сэдвүүдийг сонгон авч шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлсэн, олон сайн, чанартай ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.
Төслийн түвшинг хянах, зөвлөгөө заавар өгөх зорилгоор явцын хэлэлцүүлгийг хийж дэмжлэг өгч ажилласан бөгөөд 2024.06.04 -нд төгсгөлийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Төслийн шалгаруулалтыг шүүн тунгааж, үнэтэй зөвлөгөө өгсөн АУ-ы доктор С.Цэндсүрэн, ХС-ийн магистр Х.Сэр-Од багш нартаа талархал илэрхийлье.
Төслийн багууд эн тэнцүүхэн өрсөлдсөн бөгөөд 1 онооны илүүгээр Ерөнхий эрдмийн тэнхимийн багш нарын чиглүүлгийн тусламжтай оролцсон “ДОХИОНЫ ХЭЛ, ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ” баг түрүүлж, өргөмжлөл, нэг сая төгрөгийн шагнал хүртлээ.
Нийт оролцогчиддоо баяр хүргэж, амжилтын дээдийг хүсье.
Оюутны хөгжил хариуцсан ажлын хэсэг