Багшийн хөгжил, цахим сургалт хариуцсан ажлын хэсгийн танилцуулга

Сувилахуйн сургуулийн багш бид Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ууган сургуулийн нэгэн хэсэг болж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг цогц чадамж бүхий мэргэжилтнээр хангах чухал үүргийг гүйцэтгэж байна.

Багшийн хөгжил, цахим сургалт хариуцсан ажлын хэсэг нь Багшийн хөгжил болон Цахим хөгжлийн дэд хэсгүүдтэй.

Багшийн хөгжил дэд хэсэг:

Ирээдүйн шилдэг мэргэжилтэнг бэлтгэхэд багшийн хөгжлийг тасралтгүй дэмжих, багш нарын мэдлэг, чадвар, хандлага, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Иймд АШУҮИС нь Багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, уг хөтөлбөрийн хүрээнд Сувилахуйн сургуулийн Багшийн хөгжил хариуцсан ажлын хэсгээс Багшийн хөгжлийн дэд хөтөлбөр-ийг боловсруулан, тус сургуулийн захирлаар батлуулан мөрдөн ажиллаж байна.

Цахим хөгжлийн дэд хэсэг:

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь цахим сургалтыг хөгжүүлэх, цахим сургалтын чанарыг нэмэгдүүлэх зорилгоор дуу дүрсний өндөр чанар бүхий, орчин үеийн видео болон аудио контент бүтээх студийг 2020-2021 оны хичээлийн жилд ашиглалтанд оруулсан. 

Цахим лекцүүдийг оюутанд илүү үр дүнтэйгээр хүргэх үүднээс нийт лекцийн 80 гаруй хувийг интерактив буюу оюутнууд лекцээ үзэж байхдаа асуултуудад хариулах, нэмэлт холбоосоор мэдээлэл авах, орхигдсон үгийг нөхөж бичих, зөв буруу хариултыг сонгох гэх мэтээр цахимаар идэвхтэй суралцах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Цахим хөгжлийн дэд хэсгээс цахим сургалтыг дэмжих сургалт зохион байгуулах, төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр цахим контентуудыг бүтээх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж байна.